Tuesday, January 7, 2014

Форекс гэж юу вэ?

“Форекс” (Forex) гэдэг үг нь foreign exchange буюу гадаад валютын арилжаа гэсэн үгнээс үүсэлтэй нэр бөгөөд товчоор FX гэсэн 2 үсгээр түгэн дэлгэрчээ. Форексийн арилжаанд аль нэг валютыг худалдан авснаар өөр нэг валютыг оронд нь зарж ханшийн зөрүүнээс ашиг унагах боломжтой бизнес юм.


Валютууд нь үргэлж хосоороо арилжаалагддаг бөгөөд, тухайлбал Евро-Ам.доллар (EUR/USD) эсвэл Ам.доллар-Яп.Иен (USD/JPY) гэх мэтээр. Хувьцааны арилжаанаас ялгаатай нь гэвэл ямар нэг төвлөрсөн арилжаа форекст байдаггүй. Бүх арилжаа болон шилжүүлгүүд утсаар, эсвэл цахим сүлжээгээр шууд явагддаг.
Валютын арилжааг хэн яах гэж хийдэг вэ?
Дэлхийн өдөр тутмын улс хоорондын мөнгөний урсгал ерөнхийдөө 2 гол эх үүсвэрээс явагддаг. Үүнд:
  • Гадаад худалдаа (5%). Бараа бүтээгдэхүүний гадаад худалдааны мөнгөн эргэлт. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүний экспорт импорттой уялдан гарч буй мөнгөний урсгал.
  • Ашгийн төлөө арилжаа (95%).
Ихэнх арилжаалагчид (trader) голчлон хамгийн гол томоохон валютуудын хооронд арилжаагаа хийдэг. Тэдгээр гол валютуудыг "The Majors" гэж нэрлэдэг бөгөөд үүнд ам.доллар, Японы Иен, Евро, Британий Фунт Стерлинг, Швейцарийн Франк, Канад Доллар болон Австрали Доллар багтдаг. Форексийн нийт арилжааны 85 гаруй хувийг эдгээр гол мөнгөний нэгжүүдийн хоорондох гүйлгээ эзэлдэг байна.

Дэлхийн хамгийн их гүйлгээ хийгддэг зах зээл.

Форексийн зах зээл дээрх өдрийн дундаж мөнгөний эргэлт нь 3,2 триллион Ам.Доллараар хэмжигддэг бөгөөд энэ нь дэлхийн бусад зах зээлээс илт давамгай үзүүлэлт юм.
Арилжаа нь 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш үргэлжилдэг. Хамгийн эхний арилжаа Австралийн Сидней хотын бирж дээр эхэлдэг бөгөөд дараа нь Токио, Лондон, Нью-Йоркийг дамжаад дахиад Сиднейд арилжаа үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл ажлын 5 хоногийн турш форексийн арилжаа дэлхийг тойрон үргэлжилнэ.
Бусад санхүүгийн зах зээлээс ялгаатай нь гэвэл хөрөнгө оруулагчид өдөр шөнийн алинд ч хөрөнгө оруулах болон буцаан татах ажиллагааг шууд гүйцэтгэх боломжтой.
Форекс Квот буюу ханш (Forex Quotes) гэж юу вэ?
Форекс Квот гэдэг нь тухайн үеийн валютын хослолуудын харьцуулсан ханш бөгөөд XXX/YYY гэсэн бичиглэлтэй байдаг. Жишээ нь USD/JPY гэх мэт. Дараах 2 зүйлийг тогтоогоод авсан байхад Форекс Квот гэдэг нь ойлгоход маш хялбар зүйл юм:
  1. Арилжааны нэгж нь үргэлж хосоороо явах бөгөөд эхний валют нь суурь нэгж гэж нэрлэгдэнэ.
  2. Суурь нэгжийн утга нь үргэлж 1-тэй тэнцүү байна.
Форексийн зах зээлд хамгийн түгээмэл ашигладаг Ам.Доллар нь энэхүү зах зээлд голлох суурь нэгж болно. Өөрөөр хэлбэл валютын хослолын эхний нэгж нь USD бол 1 ам.доллар нь нөгөө мөнгөн тэмдэгтээр ямар үнэтэй вэ гэдгийг харуулж байна гэсэн үг. Жишээ нь, USD/JPY - 89.77 гэж байвал 1$=89.77 Иен гэсэн үг.
USD суурь нэгж байгаа тохиолдолд ханшийн график дээшээ өсвөл USD-ын ханш чангарч, харин нөгөө мөнгөний нэгжийн ханш суларч байна гэсэн үг.
USD нь суурь нэгж болохгүй тохиолдлууд
USD нь дараах 3 валюттай харьцах тохиолдолд суурь нэгжийн үүрэг гүйцэтгэхгүй. Үүнд: Британий Фунт (GBP), Австрали Доллар (AUD), Евро (EUR). Энэ тохиолдолд мөнгөний нэгжийн хослолууд нь GBP/USD, AUD/USD, EUR/USD гэж бичигдэх бөгөөд ханшийн график дээшээ өсөх үед USD-ийн ханш суларч байгааг харуулна.
Өөрөөр хэлбэл, ханшийн график дээшлэх тусам суурь нэгжийн ханш чангарч, график доошлоход суларч байна гэж ойлгож болно.
Cross currencies
USD-тэй хослоогүй мөнгөний нэгжүүдийг cross currency гэж нэрлэх бөгөөд энэ тохиолдолд эхэнд бичигдсэн нь суурь нэгж болно. Графикийн хувьд дээрхтэй мөн адил.
Bid, ask болон spread гэж юу вэ?
Форекс нь банктай адил авах зарах ханш нь тодорхой хэмжээний зөрүүтэй байдаг бөгөөд тэр 2 ханшийг Bid болон Ask гэж нэрлэнэ.
  • BID гэдэг нь таны суурь нэгжийг зарж болох үнэ (SELL).
  • ASK гэдэг нь та энэ үнээр суурь нэгжийг худалдаж авах боломтой байна гэсэн үг (BUY).
Харин Spread гэдэг нь Bid/Ask 2-ын зөрүүг хэлнэ. Өөрөөр хэлбэл та аль нэг валютыг худалдаж авахдаа Ask гэсэн үнээр буюу арай үнэтэйгээр худалдаж авна. Буцааж зарахын тулд Bid гэсэн үнээр зарах боломжтой. Гэтэл Bid < Ask байдаг. Тэгэхээр тухайн арилжаанаасаа ашиг унагахын тулд Форексийн зах зээл дээрх Bid гэсэн үнэ таны худалдаж авсан үеийн Ask үнэнээс илүү гарах үеийг хүлээх хэрэгтэй болно. Тэгэхээр брокеруудын Spread гэсэн үзүүлэлт нь аль болох бага байх тусмаа танд ашигтай ажиллахад чинь тустай. Нэг брокер дээрх Spread нь валютын хослол бүрт өөр өөр байдаг. Мөн зарим брокеруудад Spread нь тогтмол байхад заримынх нь арилжааны эрэлтээс хамаарч хувьсамтгай байдаг. Их хэмжээгээр арилжаалагдаж байгаа хослолын Spread-ийг брокер нь өсгөж байгаа хэрэг юм. Энэхүү Bid/Ask үнийн зөрүүн дээрээс брокер компани ашгаа гаргаж авдаг.
Pip гэж юу вэ?
Форекс дахь мөнгөний хамгийн жижиг хэмжих нэгж нь Pip гэж нэрлэгддэг. Энэ нь тухайн валютын цэгээс хойших 4 дэхь орон гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл 0.0001=1pip. USD-р жишээ авбал 1pip нь 1центийг 100 хуваасны 1тэй тэнцүү. Гэхдээ зарим тохиолдолд буюу жишээ нь Японы Иентэй хосолсон тохиолдолд 0.01=1pip болно.
Leverage & Margin
Leverage гэдгийг Зээлжих Эрх эсвэл Хөшүүрэг гэж орчуулбал арай дөхөм байх. Leverage ашигласнаар та арилжааны захиалга өгөхдөө захиалгынхаа хэмжээтэй тэнцэх их мөнгө зарцуулах шаардлагагүй юм. Жишээ нь 10000$ хэмжээтэй захиалга өгөхийн тулд Leverage 200:1 байгаа тохиолдолд та 50$-ын хөрөнгө оруулалт хийхэд болно. Ингэснээр ханш таны хүссэн чиглэлд өөрчлөгдөхөд pip бүрт та 1$-ын ашиг олох боломжтой.
Форексийн зээлжих эрх нь бусад хувьцаа гэх мэт зах зээлийг бодвол хамаагүй өндөр байдаг бөгөөд энэ нь их ашиг олох боломжийг олгохоосоо гадна бас их алдагдалд хүргэж болох эрсдэлийг агуулдгийг санах хэрэгтэй. Дээрх жишээн дээр хэрвээ ханш эсрэг чигт хөдөлсөн бол мөн төдий хэмжээний алдагдалд орно гэсэн үг. Хэрэв таны алдагдал брокер дээрх дансны чинь хэмжээнд хүрч очвол таны захиалгыг хүчээр хаадаг. Ингэснээрээ таныг дансан дахь мөнгөнийхөө хэмжээнээс илүү алдагдал хүлээж өрөнд орохоос хамгаалж буй хэрэг юм. Гэхдээ та бас өөрөө хүлээж болох алдагдалдаа хязгаар тавьж өгч болно. Тэгснээрээ брокер дээрх дансаа бүрмөсөн хоосрохоос хамгаалж чадах юм.
Ашиг болон алдагдлын тооцоолох
Хэрэглэхэд амар байлгах үүднээс ихэнх арилжааны програмууд ашиг/алдагдлыг автоматаар тооцоолон харуулдаг. Гэсэн хэдий боловч энэ нь ямар зарчмаар яаж тооцоолоод байгааг мэдээд авчихад илүүдэхгүй бизээ.
Жишээ нь:
Bid/Ask үнэ EUR/USD дээр 1.4616/1.4619 байна гэж үзье. Энэ нь Та 1 еврог 1.4619$-р худалдан авах буюу эсвэл 1.4616$-р зарах боломжтой байна гэсэн үг.
Та еврогийн ханш ам.доллартай харьцуулахад өснө гэж бодож байгаа бол “Buy” буюу худалдан авах захиалга өгөх буюу ам.доллараа зарж евро авна. Тэгээд еврогийн ханш өсөхийг хүлээе.
Та энэ тохиолдолд 100,000 еврог 146,190$-р худалдан авлаа гэж бодъё (100,000 x 1.4619). Их тоо юм шиг санагдаж байгаа бол тийм биш. Зээлжих эрх 200:1 байгаа үед та 730.95$-ын хөрөнгө оруулалтаар энэ захиалгыг гүйцэтгэж чадна.
Одоо харин таны тооцоолсноор еврогийн ханш чангарч нөгөө Ask/Bid үнэ 1.4623/1.4626 боллоо гэж бодъё. Үнэндээ энэ бол өчүүхэн бага хэмжээний ханшийн өөрчлөлт юм. Гэхдээ энэ жижигхэн өөрчлөлт танд хэдий хэмжээний ашиг авчрахыг тооцоолъё. Тэгэхээр 100000 еврогоо одооны брокерийн худалдаж авах ханшаар нь буюу 1 еврог 1.4623$-р зарж 146,230$-той боллоо. Одоо ашгаа тооцъё. Эцсийн үлдэгдэл 146,230$-с хасах нь анх зээлжих эрх ашиглан оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 146,190$ (146,230-146,190) =40$!!! Ханш ердөө 4 pip өөрчлөгдөхөд 40$-ын ашиг олсон байна. Харин форексийн зах зээлд ханш хоногтоо 100pip өөрчлөгдөх нь энгийн үзэгдэл.
Харин одоо дээрх тохиолдолд хэрвээ ханш буруу тийш эргэсэн бол яах байж вэ гэдгийг тооцоолъё.
Та 100,000 еврог 146,190$-р худалдан авсан байгаа гэж бодъё (100,000 x 1.4619). Тэгтэл ханш таны тооцоолсноос эсрэгээр эргэж ам.доллар чангаран Bid/Ask=1.4616/1.4619 боллоо. Цаашдаа ч гэсэн энэ чигээрээ үргэлжилэх хандлагатай байгаа бол та алдагдалаа багасгахын тулд еврогоо 1.4611 гэсэн ханшаар нь зарах хэрэгтэй болно. Ингээд та $146,110 буцааж авлаа. Алдагдал ($146,190 - $146,110) = $80!!! 8pip-ийн өөрчлөлт танд 80$-ын алдагдал авчирч болохнээ!

No comments:

Post a Comment